Уншиж байна...

Дарханы зам ашиглалтад орж чадахгүй явсаар өдгөө дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж буй.  Харамсалтай нь иргэдийн бухимдлыг дээд цэгт хүргэдэг энэ замаар хэзээ нэг цагт инээгээд алхах өдөр ирнэ хэмээн салбарын сайд нь тавладаг. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зүгээс Дарханы замыг энэ оны аравдугаар сараас хэтрүүлэхгүй дуусгах үүргийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт өгсөн.  Гэвч өнөөдрийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэлийн хувь талдаа ч  хүрээгүй,  урагш муутай явааг Дархан-Уул аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням хэлж байна. 

Тэрбээр үүний шалтгааныг салбарын яам, ялангуяа сайдын менежменттэй холбон тайлбарлаж, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд энэ тал дээр санаа тавихгүй байгаад шүүмжлэлтэй хандсаар ирсэн билээ. 

Учир нь  Дарханы зам бол олон аймгийг хамарсан босоо чиглэлийн төв магистрал зам.  Энэ замаар ганц Дарханчууд төдийгүй Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон, Төв аймгийн иргэд ч ихээр зорчдог. Гэтэл дээрх аймгуудаас сонгогдсон гишүүд Дарханы замын асуудлаар ганц үг ганхийдэггүйд тэрбээр сэтгэл дундуур байгаагаа нэг удаа илэрхийлсэн байдаг.  

УИХ-аас Дархан -УБ  чиглэлийн авто замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хянал тавих, тодорхой асуудлаар чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн байгуулж,  Г.Дамдинням гишүүнээр ахлуулсан. 

 Уг ажлын хэсэг өнгөрөгч 7 хоногт ЗТХЯ -нд ажиллахдаа олон тулгамдсан асуудлуудыг ярилцаж шийдвэрлэхээр болсон нь эхнээсээ ажил  болжээ. Тодруулбал, Дарханы замын ажил дуустал нэмэлт галт тэрэг явахаар болсон байна. 
 
 Энэ талаар УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням: 

-Манай Ажлын хэсэг ЗТХЯ-ны холбогдох албаны хүмүүстэй уулзаж, Л.Халтар сайдад зарим асуудлаар үүрэг, чиглэл өгсөн нь эхнээсээ хэрэгжиж эхэллээ. Тухайлбал замын ажил дуустал рейлбус болон Төмөр замын рейсийн тоог нэмэгдүүлэх даалгавар өгсөн. Маргаашнаас галт тэрэг явж эхэлнэ. Ирэх сараас дулаарахаар рейлбус явуулж эхэлнэ. Мөн замын ажилд Олон нийтийн хяналт оруулах төлөвлөгөө яаралтай боловсруулах чиглэл өгсөн. Энэ дагуу яамнаас тухайн  орон нутгийн иргэдийг Азийн хөгжлийн банкны хоёр, дөрөвдүгээр багцууд дээр байнга ажиллуулах санал ирүүлсэн. Түр замын аюулгүй байдал, стандартыг мөрдүүлэх чиглэлд орон нутгийн АЗЗА нарыг дайчлан ажиллуулна. Ажлыг бүхэлд нь гацаасан 2,4-р багцын анхны тендерийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлээр ажиллаж байгаа гэсэн явцын мэдээллийг ЗТХЯ-наас өгсөн. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд бүтээн байгуулалтын улиралд замын ажлыг эрчимжүүлэх бүх арга хэмжээг авч, холбогдох талуудаас шаардаж, хэрэгжилтийг хангуулж ажиллах болно” гэлээ.

Like what you see?

Hit the buttons below to follow us, you won't regret it...