Дарханы боловсрол, соёлын салбарын ТҮ-ний ажилтнууд цалингаа нэмүүлэх тайван жагсаал хийснийг БСШУС-ын байнгын хорооны даргын хувиар дэмжиж байгаагаа илэрхийлж, төсвийн тодотголд саналаа оруулахаа мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамтаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б. Азжаргал тэргүүтэй Үйлдвэрчний эвлэл, ТҮ-ний ажилтнуудын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ТҮ-ний ажиллагсдын цалин хөлс, орон нутгийн нэмэгдэл, ээлжийн амралтын тооцоолол зэрэг тэдэнд тулгамддаг олон асуудлаар саналаа солилцлоо.
Ямартай ч ТҮ-ийн ажилтнууддаа энэ удаа дуулгах таатай мэдээ гэвэл:
✅ 2022 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгасныг буцааж улсын төсвөөс олгодог байх шийдвэрийг ЗГ-аас гаргасан.
Өөрөөр хэлбэл ТҮ 1-3-р цалинждаг ажиллагсдыг хувьд шилжүүлэхээр яригдаж байсан асуудлыг цуцалж хуучин хэвэндээ орсон.
✅ Түүнчлэн ТҮ 1-3-аар цалинждаг төрийн албан хаагчдын цалингийн доод түвшинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болж бүгдийг нь 5-р шатлалд оруулан тооцох төлөвлөгөө хийж улсын төсвийн тодотголд тусгасан байгаа юм. Мөн ЗГ-с энэ оныг дуустал НДШ-ын 50%-г нэмж олгох болж байгаа юм.
Доор зурагт оруулсан хүснэгт, цалингийн картуудаас ТҮ ангилалын ажилчид маань ямар бага хэмжээний цалин авдаг гэдгийг харж болно. Сүүлийн 4 жил огт хөдлөөгүй ангилалс сүлжээ юм.
Цаашид ТҮ ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг сайжруулахад өөрийн зүгээс анхаарч, дэмжин ажиллах болно.